
Цонхыг зааврын дагуу ашиглаж, арчилсан тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж үздэг. Цонхны насжилтыг урт хэвээр нь хадгалахад анхаарах арчилгааны санамжуудыг танилцуулъя.
Аливаа төрлийн хир бохирдлыг цэвэрлэхдээ түгээмэл нэг гаргадаг алдаа бол спирт, цайруулагч уусмал ашиглах эсвэл зүлгүүр ашиглан цэвэрлэх байдаг. Хуванцар PVC рамыг цэвэрлэхдээ хөөстэй усаар хөнгөн дарж цэвэрлэхэд хангалттай. Шаардлагатай тохиолдолд тусгай PVC цэвэрлэгч шингэн хэрэглэх боломжтой.
Нугас, түгжээний эргэн тойрны тоос шороог сайтар соруулж цэвэрлэх. Түгжээний завсар болон нугасанд шороо, амлагааны шавар зэрэг бохирдол орсноор цонхны хаалтад саад учирч гажилт, эвдрэл үүсэх эрсдэлтэй юм.
Мөн жийрэг резинийг тогтмол цэвэрлэж байх нь резин уян хатан байдлаа удаан хадгалахад чухал нөлөөтэй байдаг. Чийгтэй алчуур, зориулалтын уусмал, тослог чанартай бодисоор арчиж цэвэрлэснээр салхи сийгэлт болон утаа, шороо оролтыг багасгадаг.
Харин цонхны шилэн дээр тогтсон тоосжилт, бохирдлыг бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар цэвэрлэнэ. Гүн бохирдол буюу шилэн дээр наалдан, хатсан бохирдлыг үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэхээс зайлс хийх хэрэгтэй. Иймд үед зориулалтын резинтэй татуурга ашиглан цэвэрлэнэ.
Нугас болон түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор суурилуулснаас хойш 3 дахь жилээс эхлэн жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юм уу огт тослохгүй байх нь төмөр эд ангиудад дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдрэл үүсэх шалтгаан болох юм. Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах шаардлагатай ба суларсан бол чангалж бэхэлнэ.
Цонхны цэвэрлэгээг тогтмол хийснээр насжилтыг нь уртасгаж бохирдлоос үүсэх эвдрэлээс сэргийлдэг. Түүнчлэн, нарны гэрлийн тусгалыг сайжруулж дотор орчны дулааныг нэмэгдүүлснээр та гэрийнхээ эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх боломжтой.